Эцэг эхэд өгөх зөвлөгөө
Хүүхэд хүмүүжүүлэхдээ юуг анхаарах вэ?
Заримдаа өөрсдөө ч анзааралгүй “хүмүүжүүлчихдэг”. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж маргана, бие биедээ худал хэлнэ, хэн нэгнийг “тохуурхан” хоорондоо ярилцана. Энэ бүгд хүүхдэдээ “чи ч бас ингэж болно шүү” хэмээн үлгэрлэж байгаа мэт нөлөө үзүүлдэг. Бид энэ удаа хүүхэдтэй харьцахдаа анхаарвал зохих зарим нэг зүйлсийг толилуулж байна.
- Та “сул дорой” байдлаасаа болон ах дүү, үеийнхэндээ “дээрэлхүүлж” байгаа хүүхдээ битгий хамгаал. Хүүхэд өөрийн асуудлыг өөрөө шийдвэрлэж, бусадтай харилцахад суралцах хэрэгтэй.
- Эхнэр /нөхөр/-тээ хүүхдээ өөрийнхөөрөө хүмүүжүүлэхэд нь битгий саад бол. Аав нь үг хэлж байхад ээж дэргэдээс үгүйсгээд байвал хүүхэд аавыгаа хүндлэхээ больж эхэлдэг. Яваандаа өөрийн сонирхлын дагуу энэ харилцааг ашиглаж эхэлнэ.
- Битгий үглэж янш. Аль болох биеэр үзүүлэхийг хичээ. Жишээ нь хайч авч болохгүй гэхийн оронд барьж байгаа хайчийг гараас нь аваад өөр газар тавих, эсвэл чимээгүй бай гэхийн оронд анхааруулж дохио хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.
- Өрөвдөж байгаа мэдрэмжээ бүү мэдүүл. Өрөвдүүлдэг хүүхэд өөртөө итгэх итгэлээ алдсаар байдаг. Ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй, эсвэл эвгүй байдалд орсон хүүхдэдээ чамд үүнийг давж гарах чадвар бий гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
- Битгий шүүмжил. Шүүмжлэлээр хэн ч сайжирдаггүй. Ялангуяа шууд загнах, өөрийн үзэл бодлыг хэт тулгах нь хүмүүжлийн хамгийн оновчгүй хэрэглүүр. Шүүмжлэх олон арга байдаг. Чамайг ийм зүйл хийнэ гэж бодохоор итгэмээргүй юм. Эсвэл надад их харамсалтай байна, заримдаа бүр эсрэгээр нь магтаж шүүмжлэх ч арга байдаг.
- Бусад хүүхдүүдтэйгээ бүү харьцуул. Та ингэснээрээ шаардлагатай эсэх нь ч мэдэгдэхгүй өрсөлдөөн, атаархал, өөрийгөө голох мэдрэмж төрүүлж байна гэсэн үг. Заавал бүхнийг чадах албагүй, харин өөрийнхөөрөө амьдрах эрхтэй.
- Гэрийн даалгавар хийлгэж байхдаа дэргэд нь битгий суу. Та өөрөө ч анзааралгүй хариуцлагыг өөртөө үүрэх болно. Хүүхэд ч танд найдаж эхэлдэг.